БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН,
МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА
2009-2010 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд байгалийн ухаан, гидрогеологи, эрчим хүчний чиглэлээр чех хэл дээр бакалаврын сургалтад хамрагдах 3 хүнийг, эдийн засаг, мэдээллийн технологи, барилгын инженер, архитектурын чиглэлээр англи хэл дээр магистрын сургалтад хамрагдах 4 хүнийг, барилга архитектурын чиглэлээр англи хэл дээр докторын сургалтад хамрагдах 1 хүнийг тус тус шалгаруулна.
Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.
Шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Их сургууль нь нэг хуваарь дээр 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр урьдчилан шалгаруулж, дараах хүснэгтийн дагуу бүртгэн оюутан тус бүрийн 5000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.
Бүртгэл хөтлөх хүснэгт:
№ Овог нэр Нас Хүйс Утас Регистрийн дугаар Курс Голч дүн Суралцаж буй чиглэл Суралцах чиглэл
1
Магистр, докторын сургалтад хамрагдах хүмүүс нь зарлагдсан мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр (докторантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсролын зэрэгтэй, бүх түвшинд 3,25-аас дээш голч дүнтэй суралцсан, судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлагатай, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, англи хэлний бэлтгэлтэй 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна.
Магистр, докторын сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11.00-16.00 цагийн хооронд бүртгэх тул доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 209 тоот өрөөнд хүрэлцэн ирнэ үү. Үүнд:
1. Ажил байдлын тодорхойлолт;
2. Бакалавр, магистрын дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3. Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (2-4 хуудас);
4. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт;
5. Шалгалтын хураамж 10000 төгрөг.
Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлага гэсэн гурван үе шаттай зохион байгуулна. Англи хэлний шалгалт болон мэргэжлийн шалгалт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд явагдана. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Англи хэлний шалгалтыг 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Хэлний шалгалтад 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн шатны мэргэжлийн шалгалтад оруулна.
Мэргэжлийн шалгалтыг 2007 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Бакалаврын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс мэргэжлийн онцлогоос шалтгаалан математик, химийн шалгалтын аль нэгийг тестийн хэлбэрээр, магистр, докторын сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүсээс реферат хамгаалуулах, эрдэм шинжилгээний бүтээлд үнэлгээ өгөх, ярилцлага хийх хэлбэрээр тус тус шалгалт авна. Мэргэжлийн шалгалтад мөн 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгалтын оноог 12 дугаар сарын 3-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана.
Шалгалтад оролцогчдоос бакалаврын сургалтад хамрагдах 9 хүртэл хүнийг, магистрын сургалтад хамрагдах 12 хүртэл хүнийг, докторын сургалтад хамрагдах 3 хүртэл хүнийг хоёр шалгалтын нийлбэр оноогоор нь мэргэжил тус бүрээр жагсаан шалгаруулж, Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ярилцлагад оруулахаар хүргүүлнэ. Ярилцлагад орох хүмүүсийн нэрсийг 12 дугаар сарын 4-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Ярилцлага англи, чех хэл дээр явагдах бөгөөд шалгалтыг зохион байгуулах байр, хугацааг шалгуулагчдад Элчийн сайдын яамнаас утсаар мэдэгдэнэ.
Ярилцлагад тэнцсэн хүмүүсийг Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлж, баримт бичгийг нь хүлээн авах талд хүргүүлнэ. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг Чехийн тал гаргана. Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс чех хэлний нэг жилийн бэлтгэл сургалтад хамрагдах боломжтой. Магистр, докторын сургалт англи хэл дээр явагдах тул энэ сургалтад хамрагдах хүмүүс хэлний бэлтгэлгүйгээр шууд үндсэн ангидаа элсэн суралцана. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрүүл мэндийн даатгалыг хариуцан санхүүжүүлэх бөгөөд замын зардлаа суралцагч өөрөө хариуцна.
Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас уншиж болно.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, БНЧУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
|
2009-09-24 -